МОНГОЛЧУУД ЦАГ БУСААР ӨВЧИЛДӨГГҮЙ БАЙСАН НЬ ХООЛ ГЭЭЧ ХОРНООС АНГИД БАЙСНЫХ


/Н.Ариунтуяатай хийсэн ярилцлага

Улаанбаатар Таймс, Танин мэдэхүйн тусгай дугаар, 2005.12 сар/

МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ГАЛ ТОГООГҮЙ,

ҮНДЭСНИЙ УХАМСАРТАЙГАА ҮЛДСЭН

 Лхагваа доктортой  хүн төрөлхтний хоол хүнс, хүнсний аюулгүй байдал, ямар хүнсийг яаж хэрэглэх, юуг идэж, юуг идэхгүй байх вэ гээд ёстой л өөрийнх нь хэлснээр өдөр тутмын “гал тогоо”-ны сэдвээр  ярилцах гэж очсон юм. Гэвч хүн төрөлхтний хэт хоолонцор байдал, хүнсний хангамжийн нөөц барагдаж байгаа аюул, үндэсний гал тогоо биш үндэсний ухамсрын талаарх түүний тэс өөр үзэл бодол, сонирхолтой дүгнэлтийг сонсоод ярилцлагын маань  сэдэв  бүхэлдээ өөрчлөгдсөн  билээ. Магадгүй өнөөдөр хүн төрөлтөнд  учирч буй өвчин зовлон,  гамшиг осол, сэтгэл, оюуны хоосролын шалтгааныг хүмүүс бид хэт хоолонцор байдлаасаа хайж болох мэт. Юутай ч уншигч танд ярилцлагаа дэлгэж байна. Бидний ярилцлага асуултаар биш ярилцлагыг маань хөтөлсөн түүний ярианаас эхэллээ.

 

- Зөвхөн Нигерийн хүн ам гэхэд л зуун жилийн дараа дэлхийн хүн амтай тэнцэхээр болох юм гэсэн. Ийм хяналтгүй их өсөлт өнөөдөр далайн  нөөцийг шавхаад, эх газрын нөөцийг ч шавхаж дуусахдаа хүрч байна.  Биотехнологийн ололтыг сайн нэвтрүүлж чадвал жаахан хүнс нэмж  болох  л юм.  Гэхдээ л зуун жилийн дараа Нигер ганцаараа  зургаан  миллиард хүн амтай болох гэж байхад  дэлхийн хүн амыг яаж хоол хүнсээр хангах вэ? Яг  энэ асуудлаар  дэлхийн улс гүрнүүдийн төр засгийн удирдлагууд Ромд хоёр удаа цуглаад шийдвэр гаргаж чадаагүй. Яаж шийдэх юм бэ? Шийдэгдэх үндэс байхгүй.  Өнөөдөр хүнсний нөөц  шавхагдахаас гадна оюуны нөөц ч  шавхагдаж  байна.  Зөв онол номоо  дагаад ийм байдалд хүрчихэв үү гэвэл үгүй.  Буруу онол, буруу хэв маяг  хөөцөлдөж яваад сүүлдээ ертөнцийн хүмүүс цөм хоолонцор болсон. Энэ нь эргээд хүн төрөлхтөний аюулгүй байдалд заналхийлсэн айхтар том аюулыг бий болгочихжээ.

-Тэгээд хүн төрөлхтөн яах ёстой вэ? Хоол хүнсний нөөц дуусахыг хүлээгээд суугаад байх уу? Эндээс гарах гарц байна уу?

-Эртний монголчуудын, ялангуяа  XIII зуунаас хойшхи үеийн монголчуудын хоолзүйн уламжлалыг судлах хэрэгтэй.   Судлаад үзэхээр хүний санаанд оромгүй хачирхалтай зүйлүүд гарч ирдэг. Эндээс би хүн төрөлхтөний хоол хүнсний асуудлыг шийдэх гарц нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлагад байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.  Олон зуунаар амьдралдаа хэрэглэж, хэвшүүлж, сайн сайхан явсан тэр мэдлэгээс дээрх асуултын хариуг төвөггүй олж болохыг  би хатуу ойлгосон. Үүнийг судлаагүй, үзээгүй, ганц өгүүлбэр ч уншаагүй мөртөө эсэргүүцэгч мэдэмхийрэгч олон байдаг юм.  Эхлээд судлах хэрэгтэй. 

Бид өнөөдрийн амьдралдаа хэвшчихсэн зүйлийг  гарцаагүй мэт ойлгож  сурчихаж. Энэ бол эгэл бор сэтгэлгээ. Шинжлэх ухаанч сэтгэлгээ биш.  Би ч тэгж ойлгодог  байсан. Энэ талаар хоёр, гурван ч ном бичсэн. Одоо бол яах гэж ийм тэнэг юм хийж байв аа гэж харамсаж байна. Тэр тэнэг зүйл нь  хүн өдөрт хоол хүнсээрээ 2500-гаас доошгүй ккал  илчлэг аваад сайхан болдог гэсэн гүжирмэг, бүдүүлэг, шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй онол юм. Үүнийг   200 жил хэрэгжүүлж. Энэ л хүн төрөлхтөн амаараа шороо үмхэж, буруу замаар будаа тээх үндэслэл болжээ. Өнөө цагийн эрүүл мэндийн доройтол, гаслан зовлонгийн нэг их үндэс, үзүүр  ёзоор нь энэ буруу хооллолтын онолтой холбоотой. Үүнийг олон эрдэмтэн шүүмжилдэг. Бараг  манайхаас бусад нь л шүүмжилдэг юм. Шүүмжлээд харамсалтай нь яах арга замаа олдоггүй. Тэрүүхэнд нь засвар хийх гэж оролдоод байдаг. Бүтэлтэй юм болдоггүй. Бодоод үз л дээ. Хоол хүнсний илчлэгийн онолыг судалгаанд хэрэглэхээс биш амьдралд хэрэглэх ямар ч боломжгүй. Өдөр бүр идсэн хоолныхоо илчлэгийг тооцъё гэвэл миний хагас өдрийн ажлыг авна. Мэргэжилтэн бидний цагийг ингэж авах юмыг ард түмэнд  хэлэх ч арга байхгүй. Амьдралд хэрэг болоогүй, хэрэгжүүлж  болдог ч үгүй,  тийм хэмжээний илчлэгийг  авч байгаа  хүн нь ч байхгүй. Ийм л зүйлийг   байх ёстой, байлгах  гээд дэлхий даяараа хэдэн зуун жилээр татагдаад орчихсон юм билээ.

 Хүмүүст хэрэгтэй, үнэхээр амьдралд нь хэрэг болдог, сайн сайхан явуулдаг тэр онол ном  монголчуудын  эртний уламжлалд байгаа юм.  Судлаад үзэх эх үүсвэр нь бидэнд  хангалттай байна.  XIII зууны монголчууд  тэр үеийн Европынхноос 4-6 дахин бага хооллож байжээ. Хоолны илчлэгийг нь  тооцоод үзвэл 500 ккал-аар хоногийн хэрэгцээгээ хангаж  байж. Тэр үед Европчууд яг одоогийн биднийхтэй адил хооллож байж. Өдөрт  гурван удаа нэлээд чигжүүхэн хооллодог. Тэгэхээр тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Монголчууд хоолыг тоодоггүй байсан байна. Энэ тухай Европынхны бичсэн баримт хангалттай байна.XIII зуунд Монголд ирсэн Италийн лам П.Карпини монголчуудын өвлийн улирлын хоолыг бичиж  үлдээхдээ: “Тэд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгоод нэг хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой жаахан мах идэж, шөл ууна” гэжээ Бодвол эзэлсэн газраас нь  будаа олддог байсан юм байгаа биз.  Өвлийн цагт ч адилхан   оройд ганц  удаа аяга хоол иддэг байсан байна. Цаг улирлаараа ялгамжтай, дулаан, хүйтний улиралд  яаж хооллодог нь бүгд бичээстэй байгаа.       

Ердөө үүнийг судлаад үзэхээр  яагаад ийм бага хоол идээд үхчихдэггүй,  үхэх нь бүү хэл дэлхийн эзэн болчихсон байдаг билээ гэдэг асуулт хариулттайгаа олдоно. 

-Ийм бага хоол идээд,   хүч чадалтай  байсны  нууц нь юунд байна вэ?

-Энэ бүхний цаад учир нь ердөө л хүний сэтгэл санаанд байгаа. Хүний энерги яагаад унтраад алга болчихдоггүйг бодоод үзье л дээ. Нэгдүгээрт, энерги хадгалагдах  хуулиар энерги л байгаа бол устаж үгүй болохгүй гэдгийг тогтоочихсон. За тэгвэл,  бид энергийн биет учраас устаж, үгүй болохгүй нь тодорхой боллоо.  Хоёрдугаарт, ямар ч энергийн биетэд генератор байх ёстой. Бидний генератор бол сэтгэл санаа, бодол,ухамсар  минь  юм байна гэж  бид одоо олж  байна. Энэ нь бидний биемахбодийн энергийн үүсгүүр болдог. Эртний монголчууд үүнийг мэддэг байж.  Энергийн үүсгүүрээ л зөв авч яваа бол энерги үйлдвэрлэгдэнэ гэдгийг мэддэг байсан. Өөрийнхөө энергийг цэврээр авч явах нь маш том үүрэгтэй. Энэ нь хоол, унд болж, биеийг ариусган цэвэршүүлэх  гурван том  үүргийг гүйцэтгэдэг. Монголчууд үүнийг  олон зуунаар хэрэгжүүлсэн

.- 500-хан ккал илчлэг авч байсан мөртлөө монголчууд дэлхийн эзэн болсон гэлээ? 

-Үүнд олон хариулт хайх хэрэгтэй. Хоол бол гарцаагүй нэг хүчин зүйл нь. Тэр үеийн монголчуудад өнөөгийнх шиг  хоол энергийн гол эх үүсвэр биш   зүгээр л туслах хэрэгцээ байж.  Монголчууд ганц аяга хоолоороо  гол нь гэдэснийхээ микрофлорыг тэжээдэг байж.  Биеийн жингийн 2/3-тай тэнцүү бичил биет  хүний гэдсэнд байдаг. Энэ микро организмууд өөрөө тэжээлийн бодис  үйлдвэрлэдэг. Өнөөдөр биологийн ололтоор  микроорганизмыг  тэжээгээд зэс ч гаргаж авч байна шүү дээ. Юу л бол юуг гаргаж авч байна. Монголчууд үүнийг мэддэг байж. Малд ойр байдагтаа ч тэр үү, ямар ч байсан махбодид  өөрт нь ашигтай нэг том систем байна гэдгийг мэддэг байжээ. Үүнийг 1900-гаад оны эхээр Павловын шавь  нар ойлгож,  сайн онол гаргасныг өдий хүртэл хэрэгссэнгүй. Тэдний таамаглалыг баталж П.Разенкова, Н.Мура нарын судлаачид  хүний гэдэсний  микрофлор нь хоногт 82 грамм төгс уургийг нийлэгжүүлэн,  цусанд нь шахаад өгчихдөг гэсэн бол Е.Насет хоолны нэг грамм уураг тутамд дотоод уураг мөн нэг грамм хоногт ялгардгийг тогтоосон байна. Ерөөсөө хүний биед юм дутагддаггүй, дутагдаж байгааг нь гэдэсний микрофлор нийлэгжүүлээд нийлүүлчихдэг юм байна гэсэн онол гаргасан. Энэ онолыг монголчууд бүр XIII зууны үед мэдээд  хэрэгжүүлчихсэн байсан. Түүнээс өмнө хэзээнээс эхэлсэн юм бүү мэд. Монголчууд далайгаас хол мөртлөө бамбайн өвчин байхгүй, элдвийн өвчинд цаг бусаар нэрвэгддэггүй байсны учир нь хоол гэдэг хорноос ангид байсных.

 Өвлийн гурван сард оройд ганц аяга махан хоол идэж байсныгаа бузартчихлаа, муу юм боллоо гээд есөн сар цагаан хоолоор гэдсээ цайлгадаг. Ингэхдээ  бас хэмжээ хязгааргүй идэх гэж үгүй. Хязгаартай хоолтой, оюун санааны хоолтойгоор олон зуун жил сайн сайхан байна. Оюун санааны хоолтой байхдаа  дэлхийн эзэн болсон. Махбодийг эсийн түвшинд нь эрүүл, цэвэр  авч явах зорилгоо 500 ккал илчлэгээр хангаж байжээ. Ингэснээрээ монголчууд хязгааргүй тэсвэр хатуужилтай  болсон. Наад захын жишээ нь монголчуудын туулах чадвар нэг хөтөлгөө морины хэмжээнд хүрсэн байсан. Хөтөлгөө морь гэсэн ойлголт Монголоос өөр газар байхгүй, байх ч учиргүй. Их иддэг газарт байдаггүй нь одоо ойлгогдож байна.  Өөрийгөө цэвэр ариун байлгаж, эсийн түвшиндээ хатуужлын механизмыг бий болгосон тэр хүнд, тэр ард түмэнд л байдаг юм байна. Ингэж чадсан Пол Брэгг баахан залуучуудтай Америкийн говийн туулахаар яваад ганцаараа л зорьсондоо хүрсэн. Бусад нь чадаагүй. Пол  Брэгг идэж, уухгүй, монголчууд шиг хоолоо зохицуулаад сурчихсан болохоор хүрэх газраа хүрээд эргээд ирсэн. Учрыг нь асуухад “Ингэж  иддэг хүмүүст туулах  чадвар яаж байх юм бэ?”  гэж. Түүний “Өлсөхүйн гайхамшиг”  ном нь манайд орчуулагдчихсан байгаа шүү дээ.

Энэ мэдлэг ухааныг дэлхийгээрээ судлаад учрыг нь олчих юм бол  хоол хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл мэндийн  асуудлаа хүн төрөлхтөн өөрсдөө хялбархан,гэхдээ бүр шинжлэх ухааны үндэстэйгээр  шийдчихэж  чадна.

XVI-XVII зууны үед махбодийн онцлогтой  хоол гэсэн онол Дорно дахинд бий болжээ.  Энэ бол бас нэг  гайхамшиг. Үүнийг эсийн түвшинд бий болсон онол гэж  ойлгох  ёстой. Үүнийг  Амбага доктор нарын хүмүүс судлаад  өнөөгийн эсийн мембрамын онолтой нийцэж байна гэж үзсэн. Цаг улирлын  онцлогтой хооллолт гэж  бас нэг чухал юм бий. Ийм  гурван өөр хоолтой, тус бүрдээ  онцлогтой, бас харилцан уялдаатай  байсан нь монголчуудыг үнэхээр сайн сайхан явуулжээ  гэдгийг би баталгаатай хэлнэ.  

-Монголчууд бид  эртнээс зөв хооллож ирсэн мэдлэг, туршлагатай мөртлөө яагаад одоо хооллож чадахаа байгаад  хоол болоод эрүүл мэндийн ийм олон асуудалтай болчихсон юм бол?

-Хэд хэдэн шинжлэх ухааны их том мэдлэг олж авснаа ухааралгүй хаячихгүй юу. Биеэ цэвэр авч явъя гэвэл бага л хооллох хэрэгтэй. Бие махбодийг бүх аргаар тэжээж байдаг зүйл бол биеийнх нь энерги юм. Тийм учраас  сэтгэл санаагаа дандаа цэвэр ариун байлгаж, арван цагаан буяны замыг хөөж явахад алзахгүй гэдгийг бүр эрт нээгээд , сүүлд буддизм  маш сайн баталгаажуулчихсан байна.

 Өөр нэг  маш том мэдлэг бол амт л  ухамсрыг уусгаж алга болгодог юм байна гэдгийг олсон.  Айхтар гүнзгий мэдлэг байгаа биз. Ертөнцийн хүн төрөлхтөн үүнийг одоо ч мэдэж чадаагүй  байхад монголчууд бүх ард түмнийхээ хэмжээнд хэрэгжүүлчихсэн байсан юм. Хүн ухамсраараа өөрийгөө ялсны амьд жишээ  энэ. Ухамсрыг алга болгодог нь амт юм байна гэдгийг мэдээд  албаар үндэсний гал тогооноос татгалзсан хэрэг. Хоолыг төрөл бүрээр нь хийж, янз бүрээр амтлан, сайхныг нь шагшихыг ухамсартайгаар хоригложээ. Тийм ч учраас хурганыхаа засааг давслахгүй иддэг байж. Байгалын жимс, мөөг ер юунд ч шунадаггүй. Ердөө саяхныг хүртэл ийм байсан. Самар жимс жигтэйхэн их байхад хэн ч түүнийг тоож үзэхгүй.  Хаяагаар нь цагаан мөөг зулчихсан байхад  түүдэг хүнгүй, зүгээр л байж байдаг байсан шүү дээ. Яагаад  буруудсан юм гэхээр сүүлд манайхан Европт сургууль төгсөөд, хөгжлийг нь татаж  авахдаа бүх юмтай нь, хоол,үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэлийг бүгдийг нь авсан. Үүнийг дагаад онол ном нь ч  орж ирсэн. Харин хөдөөдөө уламжлал  сайн хадгалагдаж үлдсэн ч данх данхаар цай суллаж органик бус бодисыг  биедээ юүлж байдгаас болж ёо, ёх хэлдэгггүй хүнгүй болчихлоо.

            Энэ бүх мэдлэг хүн төрөлхтөнийг аврах ёстой. Хүн төрөлхтөнд  мэдэх цаг ч ирнэ.

            -XIII зууны үед  монголчууд юу, юу  иддэг  байсан юм бол? 

            -Жаал жуухан  судалгаа хийгээд,  бодож  байхад  юу идэх нь гол биш юм байна. Аяндаа гэдэсний микрофлор, сэтгэл санаа хоёр чинь биеийг тэнцвэржүүлээд өгч байгаа бол ганц аяга хоол идэх ёстой гэсэн бодлоороо хэрэгцээгээ хангаад цааш нь  дурлахгүй, шимтэхгүй байвал юу ч идсэн падгүй. Хүн ганц аяга хоолноос болдоггүй, сэтгэл санаанаасаа болдог юм байна. Их идсэн хоолныхоо хорноос өвчилж бие бохирддог. Тиймээс юу идэх нь чухал биш. Монголчууд гал тогоогоороо, өдөр тутмын зүйлээрээ учиргүй оролддоггүй  байж.  Өдөрт гурваас дээш хооллоод, хоолоор хөөцөлдөөд ирэхээр ухамсар гэдэг үнэхээр хөөрхийлөлтэй болдог юм  байна.

            Гэхдээ  багахан хүнсээ дэлхийд байхгүй технологиор бий болгосон юм шүү.  Тэр технологиуд ч бас дэлхийн гайхамшиг.

            -Жишээлбэл?

            -Айраг, сүүний архи, ээзгий, өрөм, тос, хайлмаг байна. Хайлмаг  гэхэд л зөөхийт, шар тосных, ээзгий,мэхээрээр хийсэн гээд янз бүр байна шүү дээ. Хоолныхоо технологийг хөгжүүлэхээ бол мартаагүй. Харин өдөр тутмын хоол, амтаар хөөцөлдөхөөс л зайлсхийсэн. Энэ бол асар их ухаан юм.

            -Монголд үндэсний хоол байдаггүй гэж хүмүүс шүүмжилдэг шүү дээ. Бууз, баншийг л гэхэд Хятадад ч , Солонгост ч хийж  л байдаг. Тэгэхээр монголчууд үндэсний гэх хоолгүй шахам байдаг нь үүнтэй холбоотой хэрэг үү?

            -Бид ч бас гадаад улс оронд явж байхдаа ийм шалаанд орчихоод нүүр улайдаг л байлаа. Одоо бол ёстой ханхалзана шүү дээ. Та нараас бид оюун санаагаар хол хөгжчихсөн улс байжээ. Ирээдүйхээ хоолоор хөөцөлдөж байснаас биш өдөр тутам, хэд дахин идэх хоолоор хөөцөлдөж  болохгүй гээд сургачихсан. Энэ сургаал их олон жил биднийг аварсан юм гэж  бахархана даа. Энэ чинь бидний үндэсний бахархал. Үндэсний гал тогоогүй,  үндэсний ухамсартай  үлдсэн цорын ганц ард түмэн монголчууд. 

            -Бясалгал хийж, гэгээрсэн хүмүүс дандаа хоол, хөдөлгөөнөө хорьсон байдаг шүү дээ. Уух усаа хүртэл хязгаарлаад. Тэгэхээр тэр хүмүүс энэ мэдлэгийг мэддэг байж, тийм үү?

            -Тэгэлгүй яахав. Дүлзэлж номхруулах аргаар жоншийг хоол болгож боловсруулаад түүнээсээ амсаж хүртдэг байж. Энэ бол жоншиндоо бус сэтгэл санаандаа учир нь байгаа хэрэг.

            -Урьд өмнө огт байгаагүй өвчнүүд шинээр гарч ирж,  өвчлөл залуужиж байна. Энэ бүгдийн шалтгааныг  хооллолттой холбож болох уу?  

            -Ганц хоол биш л дээ. Нэг их том үндэс нь хоол. Хоолыг өдөрт  гурваас дээш удаа идэж  байгаа учраас энэ мэдээлэл бидний эсийг өдөрт гурваас дээш удаа программчилж байна. Тиймээс ч хорт хавдрын шалтгааны 30-40 хувийг  хоолтой холбосон байдаг. Зарим номон дээр бүх өвчний 75 хувь нь хоолтой холбоотой гээд л бичиж байна. Яагаад гэдгийн цаад учрыг олоогүй ч хандлага таамаг нь зөв л дөө.  Харин бид үндсэндээ олчихсон. Мэдээлэл нь эсийн программ  болдог юм байна, үүний хамгийн том мэдээлэл нь хоол хүнс гэсэн дүгнэлтэд бид хүрээд байна.

            -Хоол хүнсний хангамж дэлхий нийтийн тулгамдсан  асуудал болчихоод байгаа энэ үед ийм том дүгнэлтэд хүрчихээд байгаа эрдэмтэд маань хүмүүсийн  ухамсрыг  өөрчлөхийн тулд юу хийж байна вэ?

            -Юу хийх ёстойг сайн мэдэхгүй л сууж байна. Яагаад гэхээр энэ айхтар хоолонцоруудтай тэмцэх, ойлгуулах нь  боломжгүй зүйл. Хэчнээн их идэх тусмаа өөрийгөө жаргалтай, тансаг, сайн сайхан амьдарч байгаагийн үзүүлэлт гээд ойлгочихсон энэ ертөнцийн зургаан  миллиард хүнтэй ойлголцоно гэдэг  ямар хэцүү нь ойлгомжтой. Энэ л бүхнээс хэцүү.  

            Гэхдээ залуучууд маань их өөр болжээ. Залуучуудаар ч барахгүй, миний үеийнхнээс олноороо цагаан хоолонд орж, лекц уншуулж, зөвлөгөө авч байна.   Гэсэн ч хүн бүхэн ийм биш. 

             Ямар ч гэсэн үүнээс өөр аргагүй.  Хуучнаасаа татгалзаад шинэ рүү орох хэрэгтэй. Ингэж чадсан хүн бүхэн өөртөө цоо шинэ ирээдүйг нээж, цоо шинэ аз жаргалыг мэдэрнэ. Хуучин үзэл бодолтойгоо   зууралдаж , үхширсэн номлолоор явж байгаа бол ямар ч эерэг зүйл гарахгүй, ирээдүй ч харагдахгүй.

            -Үүнээс гадна бидний идэж ууж байгаа хоол хүнсний  маань аюулгүй байдал алдагдаад байна уу даа?   

            -Хүнсний аюулгүй байдлыг ярьж, энэ талаар дээр дооргүй нэлээд ойлголттой болсон ч  ертөнц даяараа нэг л ойлголтыг аваагүй, мэдээгүй байна. Ерөөсөө хүн төрөлхтний аюулгүй байдлыг баталгаагүй болгож байгаа зүйл нь  мэдээлэл, мэдээллийн үр дагавар юм.  Мэдээлэл гэдэгт хоол хүнснээс гадна үзсэн харсан, ярьсан хөөрсөн, дуулсан сонссон, мэдсэн сурсан,  өмссөн зүүсэн бүгд орно. Энэ бүхэн чинь эсийн удирдлага болдог. Сэтгүүлчид л гэхэд юу хүссэнээ бичих нь эрх чөлөө гэж байна.  Ийм  балай эрх чөлөөтэй, ийм балай мэдээлэлтэй болсон учраас л хүн зовж, өвчлөл залуужиж, байхгүй өвчнүүд бий болж, хүний нас богиносон  хэврэгшиж, өвчин зовлонгүй хүнийг олоход бэрх боллоо. Бүх үзүүлэлтээрээ хүн доошилж байна шүү дээ. Эдгээрийн нэг чухал мэдээлэл нь хоол хүнс. Бас л аюулгүй байдлын үзүүлэлт нь  эвдэгдчихсэн. Их эрх чөлөөтэй хөөцөлдсөний уршиг энэ.

             Болох болохгүй зүйлийг ярьж болдоггүй байсан үе бий шүү дээ Бие, сэтгэл, ам хэлээр үйлдэх нүгэл гэсэн ойлголт  байж. Одоо сэтгүүлч та нар гэхэд  үг хэлээр буян,  нүгэлийн алиныг ч  үйлдэж болох нь. Өнөөдрийн хэвлэл мэдээллийнхэн 95, багасгаад 70 хувьд нь  нүгэл үйлдэж  байна гэхэд хилс болохгүй байх. Буян гэхээр зүйл их л ховордлоо. Тэгэхээр хүний аюулгүй байдлыг ганц хоол биш бусад бүх мэдээлэлтэй нь холбож үзэх юм бол хүн аюулд өртсөн байна. Мэдээлэл өөрөө эсийг удирдаж байдаг. Эс гэдэг чинь   нэг биш 70 триллион. 70 триллион эсийг удирдаж байгаа мэдээлэл нь буруу болсон учраас хатуухан хэлэхэд хүн төрөлхтөн сайн сайхныг хүсэх ямар ч үндэс байхгүй. Харин мөрөөдөж болох юм даа. 

            Энергийн хуулиас гадуур зүйл гэж байдаггүй юм байна. Хүний үүсэл хүртэл энергийн хууль. Энэ хууль зөрчигдсөнөөс хүн төрөлхтөн аюултай байдалд хүрээд байна. Сөнөхөд бэлэн болжээ гэж хэлж болно. Бүх талаараа шүү дээ. Байгаль дэлхийн хувьд ч адилхан. Энэ айхтар гамшигуудыг хар л даа. Хүний өсөлт хөгжил, эрүүл мэнд гээд ерөөс хүн оршин тогтноход бэрх болж байна. Энэ бүхэн мэдээлэл буруу болсны уршиг.  Өнөөгийн хүнийг энэ утгаар нь авч үзвэл хүн биш, робот, хагас робот болсон байна. Буруу мэдээллээр удирдана гэдэг ийм аймшигтай.

            -Эртний монголчууд өдөрт 500 к/к илчлэгийг хоол хүнсээр авч байж. Тэгвэл  одоо дундаж монгол хүн өдөрт ямархуу хэмжээний илчлэгийг хоол хүнснээсээ авч байна вэ? Та нарт судалсан зүйл байна уу?

            -Янз бүрийн л судалгаа байдаг юм. Дунджаар 1800-гаас дээш л байгаа.

            - Сүүлийн үед зарим хүмүүс амьдралын хэвшил маань буруу юм байна гэдгийг ойлгоод зөв идэх, зөв амьдрахын тулд янз бүрийн арга замыг хайдаг болж. Эдгээр арга замын нэг  хэлбэр нь бясалгал болж байх шиг?

            -Хүмүүс мэдээллээ өөрчлөх гэж оролдож байгаагийн нэг хэлбэр энэ. Үнэхээр л ойлгож ухаарч байгаа бол хүн бүх мэдээллээ өөрчлөх ёстой. Иддэг уудгаасаа эхлээд өмсдөг зүүдэг  бүх мэдээллээ  өөрчлөх ёстой. Хүн бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Үүнээс гарах арга замыг хайж байгаа нэг хэлбэр нь бясалгал шүү дээ. Янз бүрийн түвшний бясалгал бий. Аль нь ч байлаа гэсэн өөрийн мэдээллээ өөрчилж буй том амжилт. Бясалгал бол үнэхээр талархууштай зүйл.

            -Тэгэхээр хөгжил хүнийг ийм байдалд хүргэв үү?

            -Хөгжил гэж ярьдаг л юм. Хөгжил гэдэг тодорхойлолтыг би мэдэхгүй юм. Тэр хөгжил гэдгийг бид их баярлаж, алга ташиж,  уухайлж хүлээж авдаг. Сайхан машин, ,сайхан хувцас,   өндөр шилтгээн гээд  өнгөн талын зүйл  биднийг, хүн гэдгийг өөрчилж л дээ. Ингээд өнөөгийн сул дорой, тэсвэр тэвчээргүй, туулах чадваргүй,  өөрийгөө удирдах чадваргүй биднийг бий болгож. Бид өөрийн удирдлагагүй  болж. Биднийг юу удирдах вэ? Тэр сайхан хоолны хажуугаар яаж зүгээр өнгөрөх вэ? Мянган хүн явуулахад арав нь л хажуугаар нь өнгөрөх байх даа. Ийм болтлоо бид доройтжээ.

            -Зөв хооллох  тухай сүүлийн үед их ярьж бичих боллоо. Та бүр идэхгүй байх тухай ярьж байгаа болохоор энэ талаар ямар бодолтой байдгийг тань сонсох гэсэн юм?

            -Зөв хооллохын тухайд,  арай  ч нэг мугуйд  бүдүүлэг байхгүйн тулд ярьж бичилгүй яахав, номлолгүй яахав. Гээд бүхэлд нь өөрчилж чадахгүй байна шүү дээ.  

            -Түрүүн та хүний гэдсэнд байдаг ашигтай микроорганизм, бичил биетүүдийн талаар ярьсан. Америкийн билүү нэг биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг  хүний гэдсэнд байдаг шимэгч хорхойнуудыг  устгах шидтэй гэж  сурталчилж байсныг санаж байна. Гэтэл энэ чинь нөгөө махбодид хэрэгтэй микро организмыг устгаж байгаа юм биш үү? Ер нь ганц энэ ч биш бусад биологийн нэмэлт бүтээгдэхүүний талаар асуумаар санагдлаа. Буруу зөв гэсэн ойлголт их бий шүү дээ?

            -Шимэгч хорхой бол өөр зүйл. Бидний буруу хооллолт хүмүүнд хэзээ ч байгаагүй зүйлүүдийг бий болгож байна. Гэдэсний микро флорын бүтэц  хүртэл өөрчлөгдснөөс шимэгчүүд гарч ирж.  Хоол унднаас болж гэдэсний түгжрэл, ялзралын өвчнүүд гарч. Дор хаяад л зажилдаг хоол иддэг систем үгүй болох хандлагатай байна. Шүднийхэнтэй ярьж байхад,  хүний эрүү нүүр гэж бараг байхгүй болох талдаа болсон шиг байна. 32 цагаан шүд гэж магтан дуулдаг байлаа. Одоо дээд тал нь 26 болсон гэнэ. Нэг номонд хүний шүд, ходоод гэдэсний зохион байгуулалт махан хоолонд зохицохгүй, өвсөн тэжээлтнийх гэж бичсэн байна. Эндээс өвсөн тэжээлтний хэв маягийн  байснаа махан хоолтных болоод тэгээд эцэстээ   бүгдийг жижиглэдэг болоод, бараг зажлах ч шаардлагагүй залгидаг болох нь. Мэдээллээсээ болоод.  Ингэж л энэ  эрхтэн систем чинь өөрчлөгддөг байна шүү дээ.

            Биологийн нэмэлтүүдийг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ мэдэж ядаад байх зүйлгүй.  Ертөнц өөрөө өвчний тухай ойлголтдоо өөрчлөлт оруулах цаг болсон. Эхлээд хүнээ таних хэрэгтэй. Хүнээ огт таниагүй байна. Хүнээ жинхэнэ ёсоор таньж мэдсэн цагт өвчнөө танина. Хоолоо таньж  мэдсэн цагт хоолны тухай ярьж болно. Өнөөдөр бүгд  танигдаагүй гэж би ойлгож байгаа. Биологийн нэмэлтийн  талаар лекц уншаач гэж намайг нэг цуглаан дээр урьсан юм. Мэдээж сайн сайхан гэж хэлүүлэхийг хүссэн хэрэг.  Би хэлж чадаагүй. Хүнээ таниагүй, өвчнөө мэдээгүй байж эмчилчихнэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Хавдрыг эмчилж чадвал алтан хөшөө босгоно гээд чадахгүй л байгаа шүү дээ.  Уг нь бидний хувьд их бололцоотой гэж ойлгож  байгаа юм. Хэсэг монгол эрдэмтдийн хувьд энэ бүхэн  боломжтой.  Хөшөөндөө гол нь биш, хамгийн гол нь шинжлэх ухаанаа жаахан цэгцлэх хэрэгтэй байна.

Яахав, биологийн нэмэлт бүтээгдэхүүн зарим хүнд сайнаар нөлөөлсөн байж магад. Огт мэддэггүй зүйлээ хүлээж авсан, дээр нь  зүгээр болох байх гэсэн том сэтгэл санааны бэлтгэл байна. Энэ хоёр нийлээд  мэдээллийг өөрчилж байгаа учраас нэлээд хүнд тус болох боломжтой. Мэдээлэлдээ л асуудлын гол нь байгаа юм.  

            -Та хэсэг монгол эрдэмтэд гэж ярилаа. Таны үзэл бодол, дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг ямар эрдэмтэд байна вэ?

            -Олон сайхан эрдэмтэн бий. Европын холбооны анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор,ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын анагаахын шинжлэх ухааны доктор Амбага гэж мундаг эрдэмтэн байна. Гайхалтай сайхан онол ном нээсэн хүн. Ертөнцөд нэг том нар гийсэн гэж хэлж болно. Анагаахын шинжлэх ухааны доктор,  профессор, “Монос” анагаах ухааны дээд сургуулийн захирал Б. Саранцэцэг, анагаахын шинжлэх ухааны доктор Ш.Болд, биологийн шинжлэх ухааны доктор,  профессор Ж.Батсуурь гээд шинжлэх ухааныг арай өөрөөр сэтгэдэг олон  сайхан эрдэмтэн бий.

            -Энэ эрдэмтэн судлаачид маань нийлж нэгдээд  энэ үзэл ойлголтоо олонд хүргэх талаар юу хийж байна вэ?

            -Тэр талаас бодсон юм үнэндээ алга байна. Тус тусын ажилдаа дарагдчих юм.  Гэхдээ таван төгрөг хөөцөлдсөн хүн эдний дотор байхгүй. Бүгд л шинжлэх ухааны төлөө өөрийгөө зольсон, түүний төлөө явж байгаа хүмүүс. Ийм  зүйлийг дэмждэг барьдаг систем ч алга. 

- Эрдэмтэн судлаач хүн өөрийн судалж мэдсэнийг бусдад хүргэх, танин мэдүүлэх нь тэдний үүрэг гэж би боддог. Энэ үүргээ мартаж болохгүй биз дээ?

            -Мэдээж, энэ бол бидний үүрэг. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж үүнийг хав дарж  болохгүй шүү дээ. 2000 онд “Мөнхрөхүйн ухаан” ном гаргасан. Одоо нэг ном  бэлтгэж байна. Өгүүллүүд  бичиж  байна. Утасддаг, зөвлөгөө авдаг хүмүүс зөндөө байна. Энэ бүхэн зүгээр суугаагүйн л илрэл.  Миний  хийж чадаагүй зүйл гэвэл шавь нар бэлтгэж чадалгүй өдий хүрлээ.

            -Гэхдээ  энэ онол номыг чинь судалж, үргэлжлүүлж  авч явах шавь нар байгаа биз дээ?

            -Байлгүй яахав. Миний энэ лекцийг үргэлжлүүлж  авч явах багш гэхэд л хоолоо багасгаад, сайн сайхан явж л байна. Гэхдээ шавилж суралцах өөр шүү дээ. Мэдлэгийг эзэмшиж, өөрийн болгосон хүмүүсийг л хэлж байгаа юм.

            -Таныг судалгаа хийж байхад эртний монголчууд шиг хоолны тухай мэдлэг туршлагатай өөр бусад улс орон байсан болов уу?

            -Бусад улс орны түүхийг би мэдэхгүй юм. Судлаад байх шаардлага ч үгүй болов уу гэж ойлгож байна. Ерөнхийдөө ойлгомжтой. Монголчууд  тухайн үедээ хүн төрөлхтнөөс өөрийгөө хэдэн зуун жилээр урагш хөгжүүлсэн байжээ  гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ямар монголчуудыг сурталчлах гэж судалгаа хийх биш. Бидний шинжлэх ухаанд тийм шаардлага байхгүй. Түүх соёлд чухам ямар байдгийг мэдэхгүй. Эртний монголчууд  бол  үнэхээр бишрэхээс аргагүй. Өчнөөн олон малтай,байгалын баялагтай мөртлөө тэгж хооллож байдаг.  Гадныхан ийм их малтай, ийм их ачлага хөсөгтэй улс өөр байдаг болов уу  гэж  гайхан шагшиж  бичсэн мөртлөө  өлөн зэлмэн хооллодог  гэж  дүгнэсэн байдаг. Мал, зэрлэг ан амьтан, загас жараахай гээд хоолны тухайд  санаа зовоод байхааргүй их баялаг байсаар байхад шүү дээ.  Энэ тухай  маш их үнэтэй мэдээллүүдийг П. Карпини, Рубрук нар бичиж үлдээсэн байгаа. Тэд замынхаа бэрхшээл, Монголд хоолоор дутагдаж гачигдсанаа,  хоол хомсдож зовсноо  маш сайн бичиж үлдээсэн.  Тэгээд монголчуудын тухай “Нэг хоёр хоног юу ч идэж уугаагүй хэрнээ нэг их баян цатгалан хүмүүс шиг дуулж наргицгаах ажгуу” гэсэн байдаг. Тэднийхээр бол баян цатгалан улс л дуулж наргидаг байна. Манайханд болохоор хоол гэсэн ойлголт байхгүй. Хаа очсон газар нь айраг л өгөөд байдаг. Хоол иддэг хүмүүс ирсэн гэж ерөөс ойлгохгүй байсан хэрэг. Хоолыг нэг хоёр хонож байж юм уу иддэг. Арав хоногийнх гээд өгсөн замын хүнс нь чүү ай нэг хоёр хоногт хүрдэг гэж бичсэн байдаг. Эндээс харьцуулаад дүгнэлт хийхэд  ядаад байх юмгүй.

            -Та ийм дүгнэлтэд хэзээ хүрсэн юм бэ?

            -1997 онд.

            -Та одоо яаж хооллож байна?

            -. Иддэг,уудаг  бүхнээсээ татгалзаад хэдэн жил болсон. Мах, өндөг идэхээ болиод хоёр жил болж байна.

            -Олон жил ингэж хооллосон хүний хувьд бага хоол идэх нь үнэхээр  ашиг тустай юм байна гэдэг нь   өөрийн чинь бие дээр яаж мэдрэгдэж  байна вэ?

            - Бие дээрээ мэдэрснээ хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл энэ хооронд  би мэдээллийн хоёр аймшигтай цохилтод орсон хүн. Тийм цохилтод орсон хүн өнөөдөр амьд яваа нь том баталгаа. Мэдээллийн ийм айхтар өөрчлөлт, цохилтод өртөнө гэдэг амаргүй. Гэхдээ энэ мэдээллийн хор уршгийг арилгах бодолгүй байна. Би нас хөөцөлдөж амьдрах өчүүхэн сэтгэлгээнээс салсан.  Тийм учраас үхчих болов уу, яах бол гэсэн  сэтгэлгээ надад байхгүй. Тиймээс тэр хор уршигийг алга хийе гэж боддоггүй. 

            - Бид амьдрахын тулд л иддэг гэж ойлгодог байлаа.  Гэтэл үнэн хэрэгтээ идэх гэж л амьдарч байсан юм шиг байна. Юуг яаж идэх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулаад л. Бидний ярилцлагыг уншаад эсэргүүцэх хүмүүс ч гарах байх. Бас дэмжиж ойлгох нь ч байх болов уу. Дэмжээд, үнэхээр өөрийгөө өөрчлөөд үзье гэж бодож байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?

            -Энд тэндээс сонсож дуулсан, ном өгүүллийг минь уншсан олон хүн надад ханддаг л даа. Эд нараас нэг содон тохиолдлыг нь яръя.  Намайг гудамжинд явж байтал нэг хүн дуудлаа. Бүр нэрээр минь дуудаж байна. Би сайн танихгүй юм. Тэр хүн, би таны онол номыг сонсоод  өөр дээрээ хэрэгжүүлэх гэтэл үхэх шахлаа гэдэг байгаа.            

             Сэтгэл санаагаа бэлдэхгүй бол болохгүй л дээ. Юмыг яаж мэдэх вэ, багасгаад үзье  гэсэн  байдлаар өөртөө итгэлгүй хандах юм бол буруу мэдээллийнхээ зовлонг л хураана. Ингэж л бодож байгаа бол үзэх ч хэрэггүй. Сайхан иддэг, унтдаг  хэвээрээ л  байх хэрэгтэй. Үнэхээр тийм юм байна гээд хоолоо багасгахаар шуудрах юм бол бэлээхэн хүлээгээд авдаг генератор чинь байна. Эс нь байж  байна.  Хоёр,гурав хоногийн л ажил гарна. Тэгээд л зүгээр болно. Муу муухайн тухай санахын ч хэрэггүй. Сайн сайхан л болно.

                        Тэгэхээр бодол санаа чинь ямар байна, тийм л байх болно. Хүн сэтгэл санаа, хоол, эм гэсэн гурван хордлоготой байна. Энэ хордлогыг л тайлах хэрэгтэй. Өвчлөл ямар их залуужиж байна. Хүүхэд төрөөд л  эмнэлэгт эмчлүүлдэг боллоо. Энэ чинь эцэг эхийн мэдээлэл хүүхэддээ дамжиж байгаа хэрэг. Хүн төрөлхтний эерэг сөрөг энергийн хуулийг цээжээр мэддэг болохгүй бол сайн сайхан явах тухай бодохын ч хэрэггүй.  Лам залж  ном тавиулаад ч хэрэг болохгүй. Ном уншуулах нь сэтгэл санааг засаж байгаа хэрэг. Сэтгэл санааг засаж, эергүү энергийг бий болгохыг л чухалчилж  амьдрах хэрэгтэй дээ.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ