ХАНЬ

Хүн болох төөргийг бурхантай булаалдаж олсон

Хүүхэн болох төөргийг бусадтай булаалдаж авсан

Минийх болох төөргийг эхтэйгээ зөрөлдөж олсон

Мичин жилийн өвөл шиг дуулиантай надад ирсэн

Хумхийн тоос ч хүрээгүй хурайлж бөөцийлсэн охин тэнгэр

Хушны хос боргоцой шиг бидэн хоёр ижилхэн!

Дэлхийг тэмтчиж чамайг хайсан жилүүдийг

Дээрх нар мэднэ, би явсаар л

Дээлтэйгээ хатаж дээс шиг хөвөрч эрсээр л

Дээрх сар мэднэ, сүүдрээ дагуулж хайсаар л ...

Олно л гэж шүд зуусан эрлийн хоногуудыг

Од мэднэ, харваснаас бусад нь хэлнэ

Ондоо тийш миний харц хальтраагүй

Одоо түүнээ нотолж чөтгөртэй ч нүүрэлдэж чаднаа

Гангар шаазан шиг эмзэг миний энхэр хань

Гартаа лавхан атгахгүй бол эргээд нисчих шувуухай

Гэвч хөөрхий,

Хувь заяаны гагнаасыг таслах шидтэн ганц л хойно

Хүний орчлонгоос явахдаа л чамайгаа хэнд захъя даа

Нар уруу цойлсон эмнэгт бугуйл зэхэж

Намайг хайж нартыг дунгуйлсан

Заяаны мөнгөн хун минь, аяа алтан хараацай минь

Чамайг надад бурхан шивнэсэн

Хоёр биеийнхээ эрэлд хорвоогийн бөөрөнд уулзаагүй бол

Хойноос дагасан нар сульдаж унах байсан

Холын хол эрлээс шантарч өөрийг таалсан бол

Хоймсож дагасан сар гомдож гундах байсан

Хүн болох төөргийг бурхантай булаалдаж олсон

Хүүхэн болох төөргийг бусадтай булаалдаж авсан

Минийх болох төөргийг эхтэйгээ зөрөлдөж олсон

Мичдээр болзоо тавьж надад ирсэн хань минь!

 

 

1993.8.16 Цэцэрлэг хот



     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ  БЭГЗИЙН ЯВУУХУЛАН ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Яруу найргийн тэнгэрлиг аянд хөтөлсөн багш минь
(2 цагийн өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(10 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли