ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН


“Зууны мэдээ” 2020.10.19 № 201

Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Хүн, Хүний хөгжлийн онол, бие махбодийн энергийн хуулиуд, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир Англи улсын Кэмбрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “2000 гарамгай сэхээтэн” медаль хүртсэн, “20-р зууны 2000 гарамгай сэхээтэн”ном болон АНУ-ын намтар судлалын институтын “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь нийтлэгдсэн, ШУТИС-ийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор, бясалгагч, яруу найрагч Гүррагчаагийн Лхагвааг урьлаа. Тэрээр “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга” бүтээлээр Герман улсын патент, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга”, “Хүний эмчилгээний загварчлал” зэрэг бүтээлүүдээрээ Монгол улсын патентийн эрх эзэмшдэг. Түүнчлэн Хүний хөгжлийн онолын баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн шинэ концепц, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл, Бие махбодын дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүн өөрийгөө эмгүйгээр илааршуулах технологи, Хүнсний зохицуулах үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн манай улсын шилдэг эрдэмтдийн нэг юм.

 

- Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд тань талархал илэрхийлье. Таныг Арын сайхан хангай нутгийн хүн гэдгийг мэдэх юм. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв? Эмээ өвөө, өтгөс буурлууд тань ямар хүмүүс байв?

- Миний бага нас тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил Архангай аймгийн Цахир суманд хурга ишиг буруулж, мод чулуугаар тоглож л өнгөрч дээ. Өвгөд маань бүгд л малчин хүмүүс байсан. Аавынхаа аав ээжийг мэддэггүй юм. Биднийг ухаан ороход байгаагүй. Ээжийн маань аав Б.Санж гэж улсын сайн малчин, их үлгэрч хүн байсан. Орой эхэлсэн үлгэр нь өглөө дуусдаг. Нутаг усныхнаараа ороход нь морийг нь аргамжиж хоол цайгаар дайлаад үлгэр яриулах гээд явуулдаггүй байсан гэдэг. Тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгч байжээ дээ. Хөгшин ээж Ц.Аюушжав маань урлаг соёлын өндөр мэдрэмжтэй, эрэмгий гэж жигтэйхэн, хэт гэмээр хөдөлмөрч хүн байсан. Эх хүүхдийг эндээлгүй эх барьж авдаг хүн байлаа. Ямар сайндаа манай сумаас төрсөн анхны хүний их эмч амаржих гэж хотоос хөгшин ээжийг зорьж очиж байхав.

- Та сургуульд хэдэн настай орж байв? Тухайн үед улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан үе байх?

- 1955 оны зун манай суманд нэг гайхамшигтай юм болсон нь мал нийгэмчлэл байлаа. Бүгд мал ихтэй болохоор хүүхдүүдээ сургууль соёлын бараа харуулахгүй малчин болгохыг илүүд үздэг байсан цаг. Нэг ёсондоо малынхаа боол болгож байсан юм шүү. Мал нийгэмчилснээр хүүхэд залуус сургууль соёлын бараа харж, гадаад дотоодод сурч эрх чөлөөтэй болсон гэж боддог. Тэр намар би 8-тай, дүү 7 настай 1 дүгээр ангид хамт орцгоосон. Хөгшин ээж маань сумын төвд биднийг харахаар ирсэнсэн. Намайг Лхагвасүрэн, дүүг Дамбасүрэн гэх. Норовсүрэн багш “Та хоёрын нэр журналын хүснэгтэнд багтахгүй байна, Лхагваа, Дамбаа болголоо” гэсийм /инээв/.

- Хүний нэрийг тэгээд өөрчилчихдөг бас л дураараа байсан байна шүү. Эмээ сургуулийн хүүхдүүд харах ажлаа хэр сайн биелүүлж байв?

- Өө мундаг. Дүү бид хоёр нэгдүгээр ангиас уртын дуу дуулсан. Эмээгийн маань хийсэн ажил. Урлагийн хүмүүс сайхан шүдтэй байх ёстой гээд хоршооноос хуурай оо авч өгч шүд угаалгана. Эм ууж чаддаггүй би огиулаад л шүдээ угаадаг байж билээ.

- Та багаасаа л аливаа юманд тууштай хичээл зүтгэлтэй хүүхэд байж ээ?

- Томоотой, сахилга алдахгүй, хичээлдээ гайгүй, 10 жил ангийн дарга гэж явсан даа.

- Та 10-р ангиа төгсөөд Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургуульд элсэн орсон. Мэргэжлээ хэр төлөвлөгөөтэй сонгож байв?

- Юуных нь бодож төлөвлөх байх вэ? Тэр жил анхны конкурс юмуу юу юм, ихэнх хүүхэд сургуульд тэнцээгүй юм билээ. Би анагаах гэтэл эмэгтэй хүүхэд авна, өөр хуваарь ав гэснийг нь сонирхсон ч үгүй. Гараад иртэл манай сум руу явах машин таараад суучихлаа. Гэр орон, дүү нар, ээж аав, хэдэн адуугаа, нутгаа саначихсан хүн байж. Хоргоос 30 км яваад малын шүлхийний хориог давалгүй нутгийн айлд 3 хонолоо. Айлд хонож сураагүй хэцүү санагдаад сургуулийн дотуур байрандаа эргээд ирсэн чинь дээд сургуулийн олон хуваарь буцах гэж байна. Дулааны инженер, технологич энэ тэр гээд би байтугай багш нар маань ч учрыг нь ойлгохгүй, сонсож дуулаагүй мэргэжлүүд байна. Гадаадын сургууль байна уу гэсэн ашгүй байж таарлаа. Тэгсэн нэг багш ноднин Ринчиндоржийн /УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн том ах/ явсан сургууль бишүү гэх нь тэр. Юуг нь ч мэдэлгүй наадахыг чинь авъя гээд мэргэжлээ биш Ринчиндоржийг сонгочихсон юм /инээв/. Гэвч би алдаагүй. Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургуульд сурахаар болсон. Ингээд гэрийнхээ барааг харж, гадаад явах болсоноо, бүр 7 хоногийн дараа явах ёстойгоо пал хийтэл нь хэлж аав ээжийгээ бачууруулсан даа. Аав маань намайг гаргаж өгөхөөр сумын төв ортлоо ганц ч үг дуугараагүй . Хөөрхий аав минь хүний нутагт хүүгээ мордуулахдаа дотроо юу эсийг бодож байсан бол гэхээр өрөвддөг юм. Би олон эрэгтэй дүүтэй хүн, Орост явсан хүн архинд дурладаг гэж сонссон, тэрийг л амсахгүй юм шүү гэж дотроо хатуу шийдсэн. Түүндээ ч хүрсэн.

...Хөтөлгөө морьтой эцгийнхээ

Тамирыг барсан таван жил

Хүүгийх нь агсагдаж туулсан зам

Таны зөнгөөрөө мэдэрсэн орчлон

Аяа, хөөрхий

Цахиур бууныхаа цэнэг шиг

Нэг л дуусах насыг тань

Замбууг тойровч хүрэлцэх

Мөнхөд санаж явсансан...гэж бичиж байлаа./Шүлгийг бүтэн унших бол энд дарна уу\

- Таныг сургууль соёлоо төгсөөд ирэхийг аав тань харж чадсан уу?

- Харсаан. Гэвч ажил амьдралаа төвхнүүлэх гэж зав зайгүй зүтгэж байсан он жилүүдэд, намайг 27-той байхад аав минь бурханы орондоо буцсан. Аавыг минь Ишингийн Гүррагчаа гэх. Дуу цөөтэй, үг холтой, амьдралын нарийн ухаантай, сүрхий барилдаанч, шатар сайн тоглоно, лимбэ үлээнэ. Ер нь авьяастай хүн байсан. Аавынхаа ажил явдал дээр би “хүний чадах сайн бүхэнд таныхаа нэрийг гаргана” гэж амласан. Айлын том хүүгийн хувьд үг хэлэх ёстой гэж томчуудын шаардлагаар хэлсэн тэр амлалт маань намайг өдий зэрэгтэй болгосон гэж боддог. Амлалтаа биелүүлэх гэж анхны яруу найргийн номоо чадан ядан гаргаж, Германд аспирантурт сурсан маань ч амлалтаас л болсон. Аав минь намайг зуны амралтаар ирэх болгонд нутгийн хөгшчүүлээр оруулж золгуулна. Хүүхэд биднийг нутаг усаараа хамжиж дэмжиж байж хүн болгосон юм. Тийм ч болоод хойно сургуульд байхдаа нутгийн хөгшчүүлээ их санана. Заримд нь захиа явуулдаг байлаа.

- Таны ижий ямар хүн байв ?

- Ээжийг минь Санжийн Өлзийбадрах гэх. Жирийн малчин хүн хирнээ уртын дуу, дуурь, бүжгэн жүжиг, драмын жүжиг, музей, уран зурагт дэндүү дуртай хүн байсан. Миний ээжид сонирхдоггүй нэг ч урлагийн төрөл байгаагүй. Тэгээд бүр чин зүрх сэтгэлээсээ, бүр гүнд нь орж сонирхоно. Урлагийг тийм гайхалтай ойлгодог, бүр биширдэг сэхээтэнтэй ч таарч байгаагүй. Германд ажиллаж байхад ээж маань ирсэн. Дрезден бол дэлхийн уран барилгын гайхамшигт хот. Германд ганц очертой юм нь Земперийн дуурь бүжгийн театрын үзмэр. 2, 3 жилийн өмнөөс билет нь дуусчихсан байдаг байсан. Дүүриймаа бид хоёр ээжийгээ дагуулж явсансан. Театрыг гаднаас нь ч болов харуулъя гээд орсон чинь азаар 3 тасалбар олдож ээждээ дуурь үзүүлж билээ. Германчууд театрт л байдгаараа гангарч, өөрийгөө тэнд л хүндэлж үздэг улс. Гэтэл бид чөлөөт цагийн хувцастай байдаг. Ичихдээ хамгийн түрүүнд ороод, завсарлагаар суудлаасаа хөдлөлгүй байсаар театраас хамгийн сүүлд гарч байлаа.

- Та олон сайхан шүлгийн номтой. Тэр сайхан авъяас билэгт тань урлагийн өндөр мэдрэмжтэй гэр бүл нөлөөлжээ дээ.

- Тийм байх. 3, 4-р ангид байхад Ц.Гайтав гуайн “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан” найраглалын номыг уншуулаад аав, ээж, эмээ бүгдээрээ уйлдагсан. Урлаг соёлыг таашааж, баясаж цэнгэдэг сонин хүмүүс байж дээ. Их сургуулийн 3-р курсын оюутан байхад миний хэдэн шүлэг Утга зохиол сонинд нийтлэгдэж, “Сэргэлэн бага нас” шүлгэнд хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ая хийж нэртэй дуучид бараг цөм дуулсан нь надад их урам өгсөн. Би ер нь их азтай хүн. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багшийн шавь юм. Багш минь “Мөнхийн цагаан уул” нэртэй миний анхны шүлгийн номыг гаргаж өгсөн. Түүнээс хойш "Хайрын ханасан уусмал", "Хөтөлгөө морьтой эцэг", "Газрын амьсгал", "Цэцэг тоссон бүсгүй", "Мөнхийн цагаан уул" зэрэг яруу найргийн ном, "Эх үрсийн дуулал", "Дүүриймаа” зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлжээ.

- Таны гэргийг их сайхан хүн байсан гэлцдэг. Та 2 хэзээ хаана танилцаж байв. Хичнээн хүүхэдтэй билээ ?

- Хань минь Балжиннямын Дүүриймаа гэж Увс нутгийн бүсгүй. Сургууль төгссөн жил бид хоёр Улаанбаатарын Мах, консервын комбинатад хуваарилагдан очиж танилцсан. Гүн давхраатай дүрлэгэр том алаг нүд яг л энэ дэлхий шиг дүүрч эргэлдэн, тахимаа шүргэсэн урт өтгөн гэзэг, зургийн юм шиг хөмсөг, яралзсан тэгш цагаан шүд... уянгалаг ухаалаг сэтгэл, яруу сэтгэмж, тансаг мэдрэмж, ур дүйн гайхамшиг, ая дуу айзам эгшиг, ерөөс билэг авьяас тэгшхэн заяасан, ёстой л "Дарь эхийн бүрэлбаа" шиг бүсгүй байсан. Бид 1 охин 3 хүүтэй, ёстой л үлгэрийн юм шиг амьдарч байлаа. Бид гэр бүлээрээ Дрездений алдарт уран зургийн галарейд аялж, Цвингер, Потсдамын Санссуси шитгээнийг биширч, их цэцэрлэгт нь зугаалж, 800 настай Бад Добераны сүм, Штралзундын далайн музей, Будапештийн үндэсний галарей, Прагийн сүм (храд)-д зочлон Ростокийн гэгээн Маригийн сүмд оргал хөгжмийн концерт сонирхож, эсвэл зурагтаар Бетховены IX симфонийг Лейпцигийн Курт Мазур удирдан тоглуулж байхад л сэтгэл ханаж хязгааргүй баяр хөөртэй байцгаадагсан. Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэнгийн мэдрэмжтэй содон шүлгүүдийг хуулж бичих дуртай, яруу найргийн наадмыг идэвхийлэн үзэж сайхан шүлэг хүсэн хүлээдэг, алдарт бүжигчин Галина Уланова, Анна Павлова нарыг бүр багаасаа биширч, Чайковскийн "Хунт нуур"-ыг шүтэж, вальсын хаан Штраус, Вундеркинд Моцарт, Шуман, Брамсын тухай киноноос хүний амьдралын дээд утга учрыг мэдэрч, Ж.Чулууны вальсын аялгуунд уярч, хорин гуравхан насандаа байгалийн зургийн гайхамшгийг бүтээсэн Васильевыг өрөвдөж, сохор, дүлий мөртөө дэлхийн хөгжмийг зуун зуунаар хаанчилсан Бах, Бетховенд сүсэглэж, их Да Винчийн "Моно Лиза", Рафаэлийн "Сикстиний дагина"-ыг шүтэж явсан юм. Бид уран зургийн номыг тухлан сууж хамт үзэж хамт баясах дуртай, их наргианч, уянгалаг сайхан сафрон хоолойтой, орчин үеийн шалдир булдир дуу мэтийг тоож аялахгүй, түрүү үеийн зохиолын хийгээд мартагдсан ардын дууг сайхан дуулж, гитар сайхан тоглоно. Мөн шанздаж ятга тоглодог, ямар ч бүжгийг сайхан хийдэг, уран гэж жигтэйхэн хүн байсан даа. Би олон ч сайн шүлгээ ханьдаа зориулж бичсэн. 1980-аад онд ханьдаа зориулж бичсэн “ДҮҮРИЙМАА” шүлэг маань тухайн үеийн залуучуудын унших дуртай шүлэг болсон байсан.

Хормойдоо өлгийдсэн тогоруун суүдэр - чи

Хорьхон насандаа би яасан ч их олз олоо вэ

Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи

Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ... /Шүлгийг бүтэн унших\

- Сайхан хань тань хорвоогоос одож, өр өмөрч явсан тэр хүнд хэцүү үеийг даван туулах ямархан хэцүү байсан бол?

- Амьдрал гээч энэхүү тоглоомыг яажшуухан нэг дуусгана даа гэж бодол болох цаг ирэх юм гэж зүүдлээгүй явж. Ханиасаа хойш хорвоо дэлхийг онож гишгих ч хэцүү, тас харанхуй өдрүүдэд гар хумилгүй түүндээ зориулан уран зохиолын, шинжлэх ухааны бүтээлүүдээ хийсээр л суусан. Гурван том маань нас биед хүрч, бага хүү маань 5 настай байсан. Шинжлэх ухааны нээлтүүдээ тэр цагаас л ханийнхаа нэрээр нэрлэсэн дээ.

- Яриагаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч ид хийж бүтээж явсан үерүүгээ шилжүүлье. Таны хувьд улсын үйлдвэр, яам тамгын газар, дипломат алба, их дээд сургууль гээд үргэлж л хариуцлагатай ажлуудыг нэр төртэй хийж явсан байдаг юм байна лээ?

- 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгсөж ирээд Мах, консервын комбинатад ажилласан. Комбинатын дарга Дорлигийн Дамдин бид хоёрын ажил, амьдралыг өөд татаж өгсөн анхны ачлалт дарга маань байлаа.Тэнд нэг жил ажиллаад Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд томилолт авч ирсэн. Сайд Паавангийн Дамдин бол дэлхийн хэмжээний менежер,гайхамшигтай удирдагч, гүнзгий сэтгэгч, дэндүү гэмээр холын хараатай гарамгай удирдагчийн удирдлаганд ажиллах аз таарсан. Бүх аймгийн хүнсний үйлдвэрүүд, хөнгөний олон шинэ үйлдвэрийг шинээр байгуулж, тэр үед улс орон даяар бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн ажил ид өрнөж байсан үе. Сайд Ж.Дулмаа, Г.Найдан, Н.Дагвадорж, орлогч сайд Л.Лхагваа, Л.Дамдинсүрэн, Б.Жамъян, С.Цэвээн, институтийн захирал Б.Дашцэрэн, Мах, консервийн комбинатын дарга Д.Дамдин гээд асар туршлагатай, асуудлыг шийдэх нь бахархмаар, шийдлийг олон хувилбараар авч үзэж тэр их ажлыг торохгүй удирдаж явуулдаг тэдгээр их хүмүүсээс хир чинээгээрээ сурч, ажлын дөртэй болсон доо. Л.Дамдинсүрэнгээс би гурван удаа ажил хүлээн авч байлаа. Эдүгээ шинжлэх ухааны доктор, профессор, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Л.Дамдинсүрэн оюутан байхын л цоорхой төрсөн өөр хүүхэд байсан, ухаалаг, ховорхон удирдагч, том эрдэмтэн хүн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалж Хөнгөн, Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд ерөнхий инженер, дэд захирал, Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст хүнсний аж үйлдвэрийн асуудал хариуцан ажиллаж байгаад Герман улсад суугаа Элчин сайдын яаманд боловсролын хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар 5 жил ажилласан. Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн эрхлэгч, тал бүрийн өндөр боловсролтой, хүн бүрд байдаггүй намуун дөлгөөн зантай, асуудалд маш няхуур ханддаг, хамт ажиллахад их нийцтэй,ухаалаг удирдагч Д.Мужаан, ажлын их туршлагатай, нөмөр нөөлөгтэй дарга С.Хажидсүрэн, Элчин сайд, шинжлэх ухааны доктор, өмөг түшигтэй, хүнлэг сайхан эр хүн Н.Жамц гээд аль сайхан хүмүүстэй аз таарч, гар нийлж ажиллав даа. Тэднээс сурч мэдсэн бүхнээ миний бие шинээр томилогдсон ажил бүрдээ нүүр улайхааргүй хэрэгжүүлж, хичээж ажиллаж байлаа.

- Таны хийж байсан ажил болгондоо амжилттай, үр дүнтэй ажиллаж байсан нууц нь юу гэж боддог вэ?

- Тэр үеийн хүмүүс ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг, бүх хүн эх орон, ард түмнийхээ төлөө л гэж зүтгэж байсан. Миний бие хамт ажилладаг хүмүүстээ бие дааж шийдвэр гаргах, шинийг сэдэх эрх өгч, эрх чөлөөтэй ажиллах боломж бүрдүүлэхийг хичээж, хөдөлмөрийг нь зөв үнэлж урамшуулахыг чухалчилдаг байсан. Мөн ажилд шаардлагатай олон жилийн судалгаа мэдээллийг эхэлж хийж авдаг заншилтай. Энэ нь нөхцөл байдлыг таамгаар бус бодитоор олж харж дүгнэх бололцоо өгдөг байлаа. Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Финляндын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Багануурт экспортын чиглэлтэй үйлдвэр байгуулж, мөн инженер – техникийн ажилтан 30 хүнийг тэдний зардлаар сургаж, нэгтгэл анх удаа үйлдвэрүүдийнхээ бүтээгдхүүнийг экспортод бие даан гаргаж, туршлага судлуулахаар үйлдвэрүүдийнхээ инженер – техникийн ажилтнуудыг Хятадын Засгийн газрын тэтгэлгээр сургаж, үйлдвэрийн дарга, ерөнхий нягтлан бодогчдыг Герман-Франц-Италид мэргэжил дээшлүүлсэн нь бидэнд зах зээлийн баримжаатай болоход их тус болсон юм. Би ер нь их азтай хүн. Үргэлж л хүний сайнтай учирч явсан. Сосорбурмаа, Ойдов, Лхагваа, Хаянхярваа, Сүхболд, Довдон, Лхачинбал гээд олон шилдэг инженерүүдтэй хамт ажиллаж байлаа.

- Та Монголдоо бас эрдмийн зэрэг цол хамгаалсан байдаг. Мөн ШУТИС-д багшилж олон сайхан шавьтай болсон байх ?

- 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D.Sc.)-ын зэргийг Төрийн соёрхолт, Гавъяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын шинжлэх ухааны доктор, профессор, дэлхийн хэмжээний том нээлт хийсэн эрдэмтэн М.Амбага багшийнхаа удирдлагаар хамгаалсан. Багшийн маань ажлын хурд сэтгэлгээгээ гүйцдэг маш ховор хүн дээ. Миний хувьд 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан. Олон ч сайхан шавьтай болж гадаад дотоодод, ажил амьдралын талбарт сурсан мэдсэнээ шавь нартаа зааж сургахыг хичээсэн. Шинжлэх ухааны докторын 1, доктор (Ph.D.)-ын 5, магистрын 12 ажил удирдаж хамгаалуулсан. Одоо шинжлэх ухааны докторын 2, доктор (Ph.D.)-ын 3 ажлыг удирдаж байна. Шавь нарын маань ажлын хүрээнд олон сайхан нээлт хийгдсэн. Шинжлэх ухааны 11 ном, яруу найргийн 5, нийтлэлийн 2 ном хэвлүүлжээ.

- Таны Хүн өөрийгөө эмгүйгээр эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх технологи, Хүний биед өндөр температур үүсгэх технологи, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол зэрэг томоохон нээлтүүд аль хэдийнээ амьдралд хэрэгжиж олон зуун хүн эдгэрч үр дүнг нь үзэж байгааг харахад мэдээж сайхан л байдаг байх?

- Бидний хувьд хүн өөрөө, хүний хөгжлийн асуудал цоо шинээр төсөөлөгдөж байгаатай холбогдон дан ганц эрүүл байлгах, эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эсийг сэргээн засварлах, программчлахаас эхлээд ухамсрыг хөгжүүлэх, бүр гэгээрүүлэх хүртэл бүгдийг нэг дор хийж гүйцэтгэх тийм төгс цогц технологи байх ёстой. Шинэ хүний ийм асар өндөр шаардлагаар бидний судлаачид олон сайн технологийг аз таарч бий болгоод байна. Энэхүү цогц технологийн хүрээнд хавдар, цирроз, ясны ужиг өвчнөөс бусад өвчнийг 10 орчим эмчилгээгээр илааршуулахын хамт ухамсрыг зэрэг дээшлүүлэх боломжтой болсон юм.

- Хүний бие махбодийн дотоод энергийг ашигтай ажилд хувиргах шинэ технологи, хүн өөрийгөө эмгүй эмчлэх таны нээлт монголчууд төдийгүй ямар ч шашин шүтлэг, хар, цагаан арьстай бай махан бие, цусан төрөлтэй хүн төрөлхтний хувьд үнэлж баршгүй нээлт болсон гэдгийг энэ нийгмийн сэхээрсэн шилдэг сэхээтнүүд гайхан биширч байна...?

- Хүнийг 400 гаруй жил ганц биологийн систем, нүдэнд харагдаж байгаа физик биеийн хүрээнд үзсэн шинжлэх ухааны төөрөгдлийг залруулснаар энерги- биологийн систем болж өөрчлөгдөж байна. Энэ шалтгаанаар хүний Үндсэн хууль нь энергийн хууль, термодинамикийн, физикийн зэрэг байгалийн шинжлэх ухааны хуулиуд болж хувирч байна. Ийнхүү энергийг техникийн салбарт үйлдвэрлэх хүч болгон үр ашигтай ашиглаж байгаатай адилаар хүнийг эрүүл байлгах, эрүүлжүүлэхээс эхлээд ухамсрыг хөгжүүлэх хүртэлх өргөн цар хүрээтэй асуудлыг хүн өөрт нь нэгэнт өгөгдсөн дотоод нөөц бололцоонд түшиглэн шийдвэрлэх төгс цогц технологийг нээж практик хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.

- Та 2011 оноос 2019 он хүртэл бүтэн 8 жил Хөвсгөл аймагт дияан бясалгалд суусан. Энэ урт хугацааны даяаны гол зорилго юу байв?

- Өнөөгийн шинжлэх ухааны бүх салбар оюун ухааны хязгаарт хүрч зогсчихоод байна. Энэ мухардлаас гарах ганц л арга зам бий нь ухамсрын хөгжил юм. Ухамсар бол оюун ухаанаас хэтийдсэн зүйл. Ухамсрыг хөгжүүлэх ганц арга бий нь бясалгал юм. Ингээд л бясалгах, мөн шинжлэх ухааны шинэ нээлтүүдийнхээ судалгаан дээр ажиллах гээд тэр сайхан нутагт хэсэг байлаа. Хотод байсан 3 өрөө байраа зараад хүүхдүүдийнхээ хамт их нүүдэл хийгээд явцгаасан даа.

- Таны хүүхдүүд ямар мэргэжил боловсрол эзэмшсэн бэ?

- Хүүхдүүд маань дор бүрнээ боловсрол эзэмшицгээсэн, бүгд гурваас дөрвөн гадаад хэлтэй, ухамсар, сүнслэг чанараа хөгжүүлэхэд санаа тавьдаг хүмүүс бий.

- Та дияанаас ирээд ганцхан жилийн дотор хэд хэдэн докторын ажил удирдахаас гадна төрийн соёрхолд нэр дэвшүүлээд байгаа “Карма” буюу үйлийн үрийн ном хэмээх Буддын гүн ухаан болон эртний гэгээнтэн мэргэдийн сургааль номлолыг орчин үеийн шинжлэх ухаанаар тайлсан 4 боть орчин цагийн судрыг туурвисан байх юм. Нэг хүнд хэт ахадсан тэр их ажлын ачааллыг яаж давдаг юм бол гэж бодогдох юм. Бид ч гавьтай хийсэн бүтээсэн юмгүй байж л хоногийн 24 цаг багадаад байх юм?.

- “Сэтгэл давчуу бол хорвоо давчуу” гэдэг чинь л тэр шүү дээ. Хүн өөрийнхөө ухамсар, сэтгэлгээг хөгжүүлж чадвал хийж чадахгүй, олж нээж болохгүй зүйл гэж үгүй. Энэ дөрвөн боть ном бол шинжлэх ухаанаар тайлсан орчин цагийн судар гэлтэй. Судар гэхийн учир нь үнэн зөв мэдлэг гэсэн утгатай. Энэ 4 ботид шинээр томьёолсон 100 гаруй хууль, мөрдлөг, теором, тодорхойлолтууд багтсан ба энэ ярилцлагад хэлэгдсэн шинжлэх ухааны 10 гаруй томоохон нээлт орсон байгаа.  /Карма номын гарчиг үзэх бол энд дарна уу\

- Өдий насны өндөрлөгөөс амьдралаа дүгнэж юу хэлэх бол?

- Амьдрал сайхан шүү, сайхан гэж шүлэглэсэн шиг аядуу таатай амьдарч байна. Хүүхдүүд, ач, зээгээ сэтгэл дүүрэн харсан шиг, ажил амьдралд нь санаа зовох юмгүй, өөрсдөө өндийж дээшлэхийг нь үзсэн шиг сэтгэл өег байна. Өөрийгөө шавхаад дуусч байна. Өөртөө талархалтайгаар энэ амьдралаас явах шалтгаан бас байнаа. Алдар нэр, албан тушаал хөөцөлдсөнгүй, аливаад шунан унаж тусаж, атаа жөтөө өвөрлөж, хэн нэгэнтэй өрсөлдөж тэмцэлдэж явсангүй, мөрөөрөө сажилжий явахад бүх юм зөнгөөрөө зохирч байсанд талархдаг даа.

Буцах нарны хооронд зүгээр л оршиж

Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон,

Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар

Буурал насны халилаас унаж шингэнээ эх орон минь! /Шүлгийг бүтэн унших\

- Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

Нэг насны амьдрал байтугай нилээд хэдэн насны амьдралаа зориулаад ч барамгүй тийм олон бүтээл, нээлтүүдийг хэтэрхий даруухан энэ эрхэм хүн хийж чаджээ. Хүн төрөлхтөнд тустай гайхалтай Шинжлэх ухааны нээлтүүдийг Монголдоо хав дараад байлгүй хүн төрөлхтний хүртээл болгохсон гэсэн чин хүсэл өөрийн эрхгүй төрж суулаа. Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(17 цагийн өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(23 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(27 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ