ОДОО БАЙХГҮЙ ОЛОН ХҮН

Төөрсөн агтны сүнс гүү үлдээлгүй царайчилж

Түмэн эх горилоогүй ч адуу болох гэж тэмтчинэ

Тонгос онгос явдалд нь газар цөмрөөгүйд баясч

Тогоруу нүглээс зайчин цам харайна

Үхрийн шүд хүрээгүй өвс зовлон үл мэднэ

Үнгүүлж нуухатсан хонины бор жаргал үл мэднэ

Алдуулын эрэл шиг амьдрал хөвөрсөн сур мэт ээ

Асга хадны нугачаа, хаврын зэрэглээ мэт ээ

Сайртсан хөлийн хагархайд халуун тос дусаах шиг

Шаанги хатуу үг нь хайр дотроо агуулдаг

Суутан гэдгээ мэдэлгүй өөрийнхээрээ амьдарсан

Сумын тулхтай өтгөс бурхад байсныг мэдсэнгүй

Одоо байхгүй олон хүний сэтгэлийн сүү цалгиан

Олон буруулгаас хургаа эргээж алдсансан

Огторгуйгаас халих одыг шүлсээрээ үдэж

Оронд нь нутгийн буурлууд мөнхрөөсэй гэж хүссэнсэн

Одоо байхгүй олон хүний нүдний сонжоог даах гэж

Ойворгон насаа багадсан дээлэндээ тас нуусансан

"Овоо доо" гэж тоогдох үгний сэжүүр горилж

Оломны цанхтай хүрнээ айлын уяанд туйлуулаагүйсэн

Хөтөл давж одсон эргэж ирэхгүй өтгөсийн

Хөл нүцгэлж таваргасан бүлээн мөр үлдсэн

Хөдсөн дээлэндээ ахадсан хав халуун сэтгэл

Хүний өөрийн гэж ялгадгүй монгол ухаан үлдсэн

Ургаа хад шиг өвгөд мод толгой шигээ элсэн

Уур нүдүүр шигээ мөлийж бор эмгэд элсэн

Ардаа мөр үлдээлгүй цэмцгэр амьдраад

Арван тавны сар шиг нүүр бардам буцсан

Сэтгэлд том том цүнхээл үлдээж нурсан Хүн уулс

Сиймхий хадагны нэхэлгүй өтгөс минь элсэн

"Хүн шиг юм болуужин" гэж хар ухаандаа сонжсон

Хүүхэд бид нээрээ ясыг нь өндөлзүүлэлгүй өссөн

Алдуулын эрэл шиг амьдрал хөвөрсөн сур мэт

Асга хадны нугачаа, бас хаврын зэрэглээ мэт

 

1996.8.19


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 өдрийн өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(25 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(29 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли